MSpace-т бойжиж буй Insur компани хэдхэн хоногийн өмнө ээлжит хөрөнгө оруулалтаа авч зах зээлд гарахаас өмнө үнэлгээгээ 2.6 тэрбум төгрөгт хүргэжээ. Тун удахгүй албан ёсоор нээлтээ хийх уг компанийн хамгийн чухал нөөц болох үүсгэн байгуулагчидтай ярилцлаа.
– Инсур гэж яг юу вэ?
– Инсур гэдэг нь өдөр тутмын худалдан авалтаасаа эрүүл мэндийн оноо цуглуулан гар утаснаасаа даатгуулж, эрүүл мэндээ хамгаалах боломжийг бүрдүүлж буй цогц систем юм. Оноо цуглуулах гурван үндсэн арга бий. Нэгт, Candy, RedPoint гэх мэт одоо байгаа лояалти оноогоо шилжүүлэх, хоёрт, Инсур системд холбогдсон аж ахуй нэгжүүдээс хүнс, шатахуун зэрэг өдөр тутмын худалдан авалтаасаа оноо цуглуулах, гуравт банкны данснаасаа төгрөг шилжүүлэн оноогоо нэмэгдүүлэх боломжтой.
Инсур нь шинэ лояалти оноо бус дундын лояалти систем гэдгээрээ онцлогтой. Одоогоор лояалти оноо өгдөггүй байгууллагууд хүртэл Инсур системийг ашиглаад үйлчлүүлэгчдээ эрүүл мэндийн оноо бэлэглэж болно.
Хамгийн гол нь иргэн эрүүл мэндийн даатгалыг мөнгөөр бус хэрэглээнээсээ бий болгож буй оноогоор худалдан авч, эрүүл мэндээ хамгаалах боломжийг олгож байгаа юм.
– Яагаад эрүүл мэндийн салбарт гарааны бизнес хийх хэрэгтэй гэж?
– Монголын нийгэмд эрүүл мэндийн асуудал маш тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Үүнийг улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд ирж буй ачааллаас харж болно. Улсын эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэн дунджаар 14-30 хоногийн хоцрогдолтой эрүүл мэндийн үйлчилгээг авч байна гэдэг нь энэ салбарт шинэчлэлт
Хэрэгтэй байгааг харуулж байна.
– Яагаад Инсурыг үүсгэн байгуулах болсон бэ?
– НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар 2015 оны байдлаар Монголын тэтгэврийн насны хүн амын тоо 244 мянга байсан. Харин 2025 он гэхэд 416 мянгад хүрэх тооцоо гарсан. Энэхүү өсөлтийг дагаад эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Энгийнээр бол иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж одоогийнхоос ч багасах юм.
Түүнчлэн, Статистикийн хорооны гаргасан судалгаагаар дундаж Монгол иргэн 1,032 мянган төгрөгийн цалинтай бөгөөд гар дээрээ 840 мянган төгрөг авдаг. Үүнийхээ 380 мянган төгрөгөөр Ипотекийн зээлээ төлж үлдсэн 460 мянган төгрөгөөр нь амьдардаг. Тэгэхээр дундаж монгол хүнд 10-20 сая төгрөгийн эрүүл мэндийн эрсдэл үүсэхэд үүнийг давж гарч чадахгүйд хүрээд байна. Энэхүү эрсдэлийг давахын тулд зарим нь байдаг бүхнээ зарж, хандив тусламж гуйгаад давж байгаа бол зарим нь энэ тогтолцооны гажуудлаас болоод эрүүл мэндийн хувьд маш хүнд хохирол амсах цаашлаад амь насаараа хохирч байна.
Яагаад мөнгөний асуудлаас болоод хайртай дотны хүмүүс маань амь нас, эрүүл мэндээрээ хохирох ёстой гэж? Энэ асуудлыг л шийдэхийн тулд Инсурыг үүсгэн байгуулсан.
– Энэ асуудлыг яагаад заавал эрүүл мэндийн даатгалаар шийдэх ёстой вэ?
– Олон улсад иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж буй үндсэн арга зам нь эрүүл мэндийн даатгалын систем байдаг. Харин манайд улсын эрүүл мэндийн даатгалаас гадна 17 хувийн даатгалын компани үйл ажиллагаа явуулдаг ч эдгээрээс нэг нь ч иргэдэд чиглэсэн хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодоггүй.
Харин Инсур нь дотоодын томоохон даатгалын компаниудтай хамтраад иргэдэд хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн хүргэхээр ажиллаж байна. Энэ бол Монголын эрүүл мэндийн даатгалын салбарт цоо шинэ бүтээгдэхүүн юм.
– Даатгалын компаниудын одоогийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнээс Инсурын санал болгох даатгалын бүтээгдэхүүн юугаараа онцлог вэ?
– Даатгалын компаниудын санал болгож буй даатгалын бүтээгдэхүүний төлбөрийн нөхцөл нь нэг жилээр байдаг бөгөөд жилийн даатгалын хураамж нь 600 мянган төгрөг орчим байна. Бодит байдал дээр дундаж орлоготой иргэн сар хагасынхаа цалинг төлөөд өнөөдрийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй.
Харин Инсур систем нь даатгалын компаниудтай хамтраад энэ бүх асуудлыг шийдэж, иргэн бүр худалдан авч чадахуйц даатгалын бүтээгдэхүүнүүдийг бий болгохоор өнгөрсөн хугацаанд ажилласан.
– Оноогоор эрүүл мэндийн даатгал худалдан авахын давуу тал нь юу вэ?
– Худалдан авалтаасаа оноо цуглуулж байгаа хэлбэр нь эрсдэлийг тархааж байгаа хэлбэр юм. Энгийнээр бол тухайн иргэнийг өвчтэй, эрүүл гэж ялгалгүйгээр оноо өгч, улмаар эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа юм. Ингэснээр даатгалын бүтээгдэхүүний үнэ буурч, дундаж орлоготой иргэн худалдан авах боломжтой болно. Мөн заавал нэг жилээр бус сар тутам төлөх боломжийг бий болгож байна.
– Ирээдүйд ямар үр дүнг бий болгоно гэж харж байна вэ?
– Эхний ээлжинд дотоодын эрүүл мэндийн даатгалд хамрагдах хэрэглэгчдийн тоог 100 мянгад хүргэх зорилго тавьсан. Ингэснээр улсын эрүүл мэндийн салбарын орлогыг 16 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой. Үүний үр дүнд өдөр бүр дунджаар 50 иргэнд эрүүл мэндийн асуудлаа даван туулахад нь Инсур систем, даатгалын компаниудтай хамтран туслахаар зорин ажиллаж байна.
– Хөрөнгө оруулалтаа хэрхэн татсан бэ?
– 2018 оны 3 сараас Инсур төслөө боловсруулж эхлээд 10-р сард анхны хөрөнгө оруулалтаа аван 500 сая төгрөгний үнэлгээтэйгээр компаниа албан ёсоор үүсгэн байгуулсан. Үүнээс хойш системээ хөгжүүлж 2019 оны 3-р сард дараагийн хөрөнгө оруулалт татсанаар компаний зах зээлийн үнэлгээгээ 1 сая ам.долларт хүргээд байна.
– Инсурын цаана ажиллаж байгаа технологийн онцлог?
– Back-end буюу аппликэйшний цаана ажиллаж байгаа систем нь маш цэгцтэй, олон жижиг системүүдээс бүрддэгээрээ онцлогтой. Тэгэхээр Insur -ын үндсэн систем нь аюулгүй байдал, найдвартай ажиллагаа талаасаа томоохон банкны системүүдтэй ижил түвшинд бүтээгдсэн гэсэн үг.
Хамгийн гол нь хэрэглэгч ямар нэг нэмэлт үйлдэл хийх шаардлагагүй, урьдынхаараа худалдан авалтаа хийнэ. Харин тус аж ахуй нэгжтэй Инсур систем хоршин ажиллаж хэрэглэгчдэд эрүүл мэндийн оноо бэлэглэнэ. Тэрхүү оноогоороо хэрэглэгч даатгалаа худалдан авч, эрүүл мэндээ хамгаалах боломжтой.
– Инсурээр даатгуулахад ямар хугацаа шаардлагатай вэ?
– Инсурээр даатгуулахын тулд ердөө нэг товч дарахад л хангалттай. Энэ нь 4 секунд орчмын л ажил юм. Иргэн хамгийн хялбараар эрүүл мэндээ хамгаалах шийдэл гэж бид харж байгаа.
– Инсур аппликэйшнд байх даатгалын бүтээгдэхүүнүүдийг товч танилцуулбал?
– Манай аппликэйшн дээрх эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнүүд нь маш хямд үнэтэй нөхөн олговор өндөртэй байна. Гол нь эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг хүртээмжтэй болгохоор зорьж байна.
Жишээлбэл сар бүр 10 мянган эрүүл мэндийн оноо цуглуулж жилдээ 10 сая төгрөг хүртэлх нөхөн олговор авах боломжтой. Бидний тооцооллоор сардаа 400 мянган төгрөгөөр хүнс, шатахуун зэргээ худалдан авдаг хүн 10 мянган эрүүл мэндийн оноог ямар ч асуудалгүй цуглуулж чадна. Хэрэв хэрэглэгчийн эрүүл мэндийн оноо хүрэхгүй бол бусад лояалти оноонууд болон банкны данснаасаа цэнэглэн даатгалаа худалдан авч болно.
– Хэр удаан хөгжүүлж байна вэ? Нууц биш бол ирээдүйд ямар, ямар функц нэмэгдэх вэ?
– Инсур системийг 6 сар орчим хөгжүүлж байна. Ирээдүйд хиймэл оюун ухаанд суурилсан, зөвхөн танд зориулсан эрүүл амьдралын зөвлөгөө өгдөг үйлчилгээг аппликэйшнээрээ дамжуулан хүргэнэ. Үүнээс гадна олон төрлийн функцийг нэмэхээр ажиллаж байгаа.
– Insur хэзээ албан ёсоор нээгдэх вэ?
– Инсур системийн хувьд оролцогч талууд ихтэй цогц систем болж байгаа учраас үе шаттайгаар зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр хэрэглэгчдэд маань илүү ойлгомжтой, хялбар байх болов уу. Төлөвлөгөөгөөр 2019 оны 2-р улиралд урьдчилсан нээлт, 3-р улиралд албан ёсны нээлтээ хийнэ.
Эх сурвалж: https://ikon.mn/n/1jjg?fbclid=IwAR3xC7dE2CHzhXbFSgIXq-4iNQuRw6MrS4hDUluufJ6MbG_38j0UQLTpA0Q