Миллениалуудын ажлын орчин: Медиа, технологи, дата (№6)


“Миллениалуудын ажлын орчин” булангийн энэ удаагийн дугаарт хэвлэл мэдээлэл, технологийн салбарт ажилладаг залуучуудыг онцолж байна. Статистик, програмчлалын ур чадварыг хослуулан ажилладаг ХААН Банкны Санхүү шинжилгээ, тайлангийн газрын Өгөгдлийн шинжээч Д.Батдалай, үр дүнд суурилсан ажлын арга барилыг чухалчилдаг Unread медиагийн ерөнхий менежер Д.Мөнхбаясгалан, хаанаас ч, хэзээ ч ажлаа хийдэг дижитал нүүдэлчин, Insur компанийн систем хөгжүүлэгч Г.Мөнхбаатар, ажил, амьдралаа сошиал медиатай гайхалтай хослуулдаг Улаанбаатар пасспортын медиа менежер М.Сувданзаяа, бэлгэвчний ATM бүтээж буй “Бийлог Техноложиес” старт апын үүсгэн байгуулагч Б.Дагвасүрэн нар ажлын орчноо бидэнд танилцууллаа.   

Unread медиагийн ерөнхий менежер Д.Мөнхбаясгалан: Чөлөөт уур амьсгалтай, үр дүнд суурилсан ажлын арга барил таалагддаг

“Хурал, уулзалт бол цаг үрсэн, уйтгартай зүйл” гэдэг ойлголтыг март! Энэ бол хөгжилтэй, сонирхолтой, үр дүнтэй ажлын арга барил юм гэдгийг Unread медиагийн хамт олны ажлын арга барилаас харж болно. Өнөө цагийн түүчээлэгч, үлгэрлэгч, өндөр бүтээмжтэй хүмүүсийн ажиллах арга барилыг танилцуулдаг “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын булангаараа уншигчдын талархлыг хүлээдэг Unread медиагийн ерөнхий менежер Д.Мөнхбаясгалантай уулзаж, ажлын орчинтой нь танилцлаа. 


АЖЛЫН ХЭВ МАЯГ: Би Unread медиагийн өдөр тутмын үйл ажиллагаа, тэр дундаа хамтран ажиллагч байгууллагуудтай холбогдох, эвент зохион байгуулах үйл ажиллагаанд түлхүү ажилладаг. Ажиллах хэв маягийн тухайд, би ажлаа төлөвлөхдөө голдуу тэмдэглэлийн дэвтэр ашигладаг. Долоо хоног эхлэхээс өмнө Weekly overview буюу шинэ долоо хоногт амжуулах ёстой ажлуудын жагсаалтаа гаргаж, дараа нь өдөр өдрөөр нь салгаж бичдэг. Ингээд долоо хоногийн эцэст биелэлтийг үнэлж, дүгнэнэ. Өдөр тутамд утсаар ярих, и-мэйл бичих гэх мэт жижиг ажлууд их байдаг учраас мартахгүйн тулд зайлшгүй бичиж тэмдэглэх шаардлагатай байдаг юм.

БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХАД ЯМАР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ: Олон хүн бужигнасан орчинд, чихэвчээр юм сонсоод өөрийгөө тусгаарлачихаад ажиллахаар илүү бүтээмжтэй байдаг. Гэртээ ч юмуу чимээгүй орчинд төвлөрч чадахгүй байвал ямар нэгэн подкаст, дуу чимээний ая олоод тавьчихвал хамаагүй амар байдаг. Жишээ нь, би Tide аппликэйшн дээр төвлөрөхөд тусалдаг төрөл бүрийн ая, орчны чимээнээс сонгож тоглуулчихаад ажлаа хийдэг. 

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Unread-дэд гараасаа ажил гаргаж, үр дүнд хүрч л байвал заавал 9-18 цагийн хооронд ажиллаж, оффис дээр ирж суухыг хатуу шаарддаггүйгээрээ онцлог. Үүний зэрэгцээ Unread-ийнхэн даваа гараг бүрийн 10 цагт цуглаж, SCRUM моделийн дагуу хийх ажлаа Trello дээр төлөвлөж бичдэг. Энэ уулзалтаар өнгөрсөн долоо хоног юу хийв, энэ долоо хоногт юу хийх вэ, ямар асуудал тулгарав гэдгээ хоорондоо ярилцдаг. Даваа гарагийн уулзалт хоёр цаг орчим үргэлжилдэг бол лхагва, пүрэв гарагуудад 15-20 минутын босоо уулзалт хийж дээрх байдлаар ажлаа дүгнэдэг. Мөн нэмэлтээр өөрсдийн уншиж, сонссон шинэ мэдээллийг багийнхантайгаа хуваалцаж, цаг үетэйгээ хөл нийлүүлдэг уламжлал тогтоод удаж байна даа. Харин баасан гарагт Retrospective meeting хийх бөгөөд тухайн долоо хоногт шинээр сурсан зүйл, сургамжтай үйл явдал, өөрт тохиолдсон сайхан зүйлсээ хуваалцдаг, чөлөөт уулзалт юм. Эдгээр нь ажилтай эсвэл хувийн амьдралтай холбоотой зүйлс ч байж болно. Хэн хэнийгээ ойлгож, багийн уур амьсгалыг сайжруулахад ийм уулзалт их тустай. 

Unread-ийн ажлын соёлын бас нэг салшгүй хэсэг бол Focus day юм. Бид пүрэв гараг бүрийн 14-18 цагийн хооронд ямар ч уулзалт товлодоггүй бөгөөд тухайн хүн хийж байгаа ажилдаа бүрэн төвлөрч, ганцаараа ажиллах боломжийг олгодог. Түүнчлэн бид өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж тус бүртээ challenge тавьж, биелэлтээ багийн гишүүдтэйгээ хуваалцдаг болсон. Харин саяхнаас үүнийгээ өөрчилж, дундаа нэг challenge эхлүүлээд оны төгсгөлд хамгийн сайн байсан хүнийг урамшуулъя гэж ярилцсан. 

МЕДИА САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Бие биенийгээ сайн ойлгодог, дан залуучуудтай хамт ажиллахад их урамтай. Мөн ажлын орчинд чөлөөт уур амьсгалтай, үр дүнд суурилсан арга барилыг хэрэгжүүлдэг нь надад хамгийн их таалагддаг. 

Insur компанийн систем хөгжүүлэгч Г.Мөнхбаатар: Хаанаас ч, ямар ч хэв маягаар ажилласан тэр бүхнээсээ кайфыг мэдэрдэг

Саяхан би дэлхийн нийтийн хэмжээнд оффисын орчин, ажиллах хэв маяг хэрхэн өөрчлөгдөж буй талаар BBC-ийн сонирхолтой нийтлэлийг уншсан юм. Яг үүний дараахан MSpace хамтын оффисоор зочилж, Insur компанийн гар утасны аппликэйшн хөгжүүлч Г.Мөнхбаатартай ярилцлаа. Нэгэн цагт боломжгүй мэт санагддаг байсан “дижитал нүүдэлчин” хэмээх ойлголт бодитоор биелэлээ олсныг харах сэтгэл хөдлөм байсан шүү.  


АЖЛЫН ХЭВ МАЯГ: Би front-end буюу гар утасны аппликэйшн хөгжүүлэгчээр ажилладаг. Back-end багтайгаа хамтарч аппликэйшнд шаардлагатай шинэчлэл, өөрчлөлтийг оруулах, сайжруулах, хөгжүүлэх ажил хийдэг.

Нөгөөтэйгүүр Insur маань даатгалын олон компанитай хамтран ажиллаж тэдний санал болгосон даатгалын багцуудыг иргэдэд санал болгодог тул хуулийн фирмүүдтэй нягт хамтарч ажиллах шаардлагатай байдаг. Гар утасны аппликэйшнд жижиг өөрчлөлт, шинэ санаа нэвтрүүлэхийн тулд энэ нь хуульд нийцэж байгаа эсэх, хуулийн ямар нэгэн заалтыг зөрчиж байгаа эсэхийг эхлээд заавал шалгадгаараа онцлог сонирхолтой байдаг.

Хувь хүний ажлын онцлог арга барил гэвэл, би ер нь нэг юмаа төвлөрч хийхийн зэрэгцээ бусад ажлаа хэрхэн амжуулж хийх вэ гэж “шаналаад” сууж байдаг. (инээв) Гэхдээ ажлын 8 цагт баригддаггүй, өөрөө зохицуулж л чадвал хэзээ ч, хаанаас ч ажлаа хийж болдог нь амар байдаг.

БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХАД ЯМАР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ: Хүний сонирхол, хэрэгцээ их хувирамтгай шүү дээ. Хааяа би олноос өөрийгөө тусгаарлаж, ганцаараа кофе шопт сууж ажлаа хийдэг бол заримдаа дундын оффистоо хамт олонтойгоо яриа өрнүүлж, “маазарч” сууж байгаад юмаа амжуулчихдаг. Бүр орноосоо ч босмооргүй үед өвдгөн дээрээ нөүтбүүкээ тавьж байгаад ажлаа гараасаа гаргасан байдаг. Хамгийн гол нь би эдгээрийн аль алинаас нь кайф авч чаддаг. Хийж байгаа ажил маань бусдад хэрэгтэй, тэдний асуудлыг гоёор шийдэж байгааг бодоход урам зориг их ордог шүү. Одоо бүр манайхаар дамжуулж даатгуулсан иргэд нөхөн төлбөрөө аваад эхэлсэн болохоор бүтээмж гэдэг ундраад л байна даа.

Бас надад бүтээмжтэй ажиллахад орчин гэхээсээ тохиромжтой цаг их нөлөөлдөг юм байна. Орой найм, есөн цагаас хойш ажиллахад илүү сайн төвлөрч, өдөр хийвэл хоёр цаг зарцуулах байсан ажлыг 30-40 минутад хийчихдэг. Тиймээс би гол ажлуудаа оройн цагаар нугалдаг. 

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Өмнө нь ямар ч газар хэрэгжүүлж байгаагүй цоо шинэ төсөл дээр ажиллаж байгаа учраас хамт олноороо гоё уур амьсгалтай, аз жаргалтай орчин бүрдүүлэхийг зорьдог. 

Залуухан, эрч хүчтэй, шинийг сэдэгч хамт олноосоо их зүйл суралцаж байна. Манайхан нээрээ хааяадаа “Хулгайч ба цагдаа” гэдэг тоглоомыг олон улсын дүрмээр нь  час хийтэл сайхан тоглодог шүү. Тийм албан бус харилцааны үед ажлын асуудлыг шийдэх ч боломж байдаг шиг санагддаг. Түүнчлэн долоо хоногийн мягмар гараг бүрт нэгдсэн SCRUM meeting тогтмол хийнэ. Өнгөрсөн уулзалтаас хойш юу хийв, хийхэд ямар асуудал тулгарав, одоо юун дээр төвлөрч ажиллаж байна, дараагийн долоо хоногт юу хийх вэ гэсэн асуудлуудын хүрээнд ярилцдаг. 

СТАРТ АП КОМПАНИД АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Өмнө нь би дөрвөн жилийн турш тогтсон соёлтой томоохон корпораци байгууллагад ажиллаж байсан. Старт ап руу орох шийдвэр гаргасан маань залуу хүний хувьд гоё сорилт болсон гэж одоо боддог. Хурдтай ажилладаг, богино хугацаанд үр дүнд хүрэх шаардлагатай тулгардаг, зарим асуудлыг бие дааж шийдвэрлэх хэрэгтэй болдог зэрэг хувь хүний зохион байгуулалт шаардсан олон сорилт ирдэг. Ажиллах цаг харьцангуй уян хатан, богино хугацаанд өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа дээшлүүлэх боломжтой зэрэг давуу тал маш их. 

Сонирхуулахад манайх Back-End хөгжүүлэгчийн шинэ ажлын байр зарласан байгаа. Эрч хүчтэй хамт олон дунд орж өөрийгөө хөгжүүлж гоё төслийн нэг хэсэг болох боломжтой. Сонирхсон хүмүүс hr@insur.mn мэйл рүү CV-гээ илгээгээрэй.   

ХААН Банкны Санхүү шинжилгээ, тайлангийн газрын Өгөгдлийн шинжээч Д.Батдалай: Миний ажлын онцлог бизнес, статистик, IT салбарын хослол юм

Орчин цагт шинжлэх ухааны салбар хоорондын зааг улам бүр багасаж, STEAM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн салбарыг хослуулсан ажил, мэргэжлүүд нэмэгдэх хандлагатай байна. Их сургуульд эзэмшсэн мэдлэг, ур чадвараар өөрийгөө хязгаарлалгүй, гурван салбарын хослол гэж хэлж болох “Data analysis” чиглэлээр ажиллаж буй Д.Батдалайтай уулзлаа. 

Тэрбээр МУИС-ийг эдийн засагч, статистикч мэргэжлээр төгсөж, 2016 оноос ХААН Банкны Санхүү шинжилгээ, тайлангийн газрын Өгөгдлийн шинжээчээр ажиллаж эхэлжээ. Товчхондоо, Д.Батдалай банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй болгон боловсруулж, тайлан, мэдээлэл,  хяналтын самбар (Dashboard) хэлбэрээр гаргадаг байгууллагын дотоод аппликэйшнийг хөгжүүлдэг нэгэн. Үүний тулд бизнес, статистик, програмчлалын ур чадваруудыг аль алийг нь өндөр түвшинд эзэмшиж, уян хатан байдлаар хослуулан ашиглах шаардлагатай болдог нь бидний хувьд тун онцлууштай байлаа.


АЖЛЫН ХЭВ МАЯГ: Манай ажлынхан их эртэч хүмүүс байдаг. Өдөр тутам ажил маань өгөгдлийн сангаа шалгахаас эхэлдэг. Дата аналист чиглэлээр ажилладаг хүний хувьд бусдын олж хараагүйг харах, шинэ санаа гаргах нь чухал байдаг тул үдээс өмнө аль болох уулзалт, брэйнсторминг хийх ажлуудаа товлохыг хичээдэг. Харин үдээс хойш аппликэйшн хөгжүүлэх, судалгааны ажлууд дээрээ голлон төвлөрч суудаг.

БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХАД ЯМАР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ: Хүмүүстэй байнга уулзалт хийх шаардлагатай байдаг учраас ярилцахад тохиромжтой уулзалтын өрөө, танхим хамгийн чухал.  Харин уулзалтаа дуусгаад төрөл бүрийн судалгаа хийдэг тул бүтээмжтэй ажиллахад нам гүм, тухтай орчин тохиромжтой. Нөгөөтэйгүүр ажлын онцлог буюу чухал дата, мэдээллүүдтэй харьцдаг учраас алдаа гаргахгүйн тулд олон зүйлд сатааралгүй, төвлөрч ажиллах хэрэгтэй байдаг. Тиймээс нэг ажил, нэг төслийг бүрэн дуусгасны дараа дараагийн ажил руугаа орохыг чухалчилдаг. 

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Манай банкны зүгээс ажилтнууддаа зориулан “Ажил, амьдралын тэнцвэрийг хангах хөтөлбөр” хэрэгжүүлдэг. Бид өдөр бүр 10 минутыг дасгал, хөдөлгөөн хийхэд зориулж дадсан. Цайны цагийн дараа байгууллага даяар нэгдсэн ая явж, бүгд дасгал хийдэг. Ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарсан,  жижиг гэлтгүй энэ мэт арга хэмжээ нь их таалагддаг. Үүнээс гадна, банкны дотооддоо зохион байгуулдаг тэмцээн уралдаан намайг спортын хорхойтон болоход их нөлөөлсөн шүү. Жишээ нь, бид пүрэв гараг бүр хамт олноороо заал авч тоглодог. Надад маш үнэ цэнэтэй нэг шагнал байдаг юм. Би үргэлж ширээн дээрээ байлгах дуртай. Энэ маань “Khan Bank League – 2019” тэмцээнээс “Амжилт нь ахисан шилдэг тоглогч” шагнал. Мөн банкны зүгээс зөвхөн спортоор хязгаарлагдалгүй, ажилтан бүр өөртөө хэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой “Амжилтын зан төлөв” буюу зан төлөвийн загвар шаардлагууд байдаг. Үүний хүрээнд хувь хүн болон мэргэжлийн хувьд өсөн дэвжихийн төлөө ажилтан бүр хичээж ажилладаг гэх үү дээ. 

ОЛОН ХҮНТЭЙ, ТОМ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Нэгд, зөвхөн эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө хязгаарлах бус шинэ мэдлэг, ур чадвар, туршлага хуримтлуулах боломж олгодог. Хэдийгээр би эдийн засагч, статистикч мэргэжилтэй ч өгөгдлийн шинжээчээр ажиллаж эхэлснээр программчлалын ур чадваруудаа сайжруулж эхэлсэн. Мөн аливаа датаг боловсруулан үр дүнг харуулахдаа бизнесийн нэгж, удирдлагын түвшинд гэх мэт өөр өөр талаас нь хөндлөнгийн хүний нүдээр харах хэрэгтэй болдог нь сорилттой ч эргээд намайг хөгжүүлдгээрээ давуу талтай байдаг. Хоёрт, Мэдээж байгууллагын хүрээллээ дагаад танилын хүрээ өргөжин тэлдэг. 

Тэтгэлэг хөтөлбөртэй холбоотой мэдээллийг ЭНД дарж аваарай

UBP компанийн медиа менежер М.Сувданзаяа: Ажлаа сошиал медиатай хослуулах нь надад давуу тал болдог 

Байнга шинийг эрэлхийлж, хайрцагнаас гадуур сэтгэхийг, мэдрэмжтэй байхыг амин сүнсээ болгосон салбаруудын нэг бол маркетинг, тэр дундаа сошиал медиа маркетинг. Энэ салбарт сэтгүүлч, копирайтер, медиа менежер гэсэн сонирхолтой шилжилтүүдийг хийж яваа М.Сувданзаяатай бид уулзлаа. “UB passport”-ийнхон хэмээн овоглогддог UBP компанийн гэр шиг тухтай, дотно мэдрэмжийг төрүүлсэн оффисоор зочилж, модон ширээний ард боргол шимэнгээ ажлын орчных нь талаар яриа өрнүүлсэн билээ.


АЖЛЫН ХЭВ МАЯГ: Би өнгөрсөн хоёрдугаар сараас Улаанбаатар пасспортын сошиал медиаг хариуцсан копирайтер буюу текстийн агуулга тодорхойлогчоор ажиллаж эхэлсэн. Харин одоо тодорхой нэг төслийг хариуцаж аваад, багийнхнаа чиглүүлэхэд голлон анхаардаг медиа менежерээр ажиллаад сар гаруй болж байна. 

  • “Бид дотроо UBP point гаргадаг. Тухайлбал, жижүүрээ чанартай хийх, шинэ санаачилга гаргах, фитнесстээ тогтмол явах гэх шалгуур тус бүрээр оноо цуглуулдаг. Жишээ нь, би оноогоо сайн цуглуулсан учраас надад шинэ дэлгэц авч өгсөн.”

UBP бол компаниудын маркетингийн ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрсдийн эхлүүлсэн жижиг төслүүдийг гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүртэл бойжуулах зорилготой маркетингийн компани. Тэдгээрээс олон нийтэд хамгийн их танигдсан нь Улаанбаатар пасспорт төсөл. Хүмүүс манай компанийн нэрийг Ub passport гэж боддог болтол хоногшсон байна (инээв). 2014 онд Улаанбаатар пасспорт төслийг анх эхлүүлж байхад дөрвүүлээ байсан бол өнгөрсөн наймдугаар сард бид “Улаанбаатар пасспорт 2020” төсөл дээр хамгийн олуулаа буюу 22-уулаа ажиллаж, найм дахь пасспортоо гаргасан. 

Ажлын хэв маягийн хувьд, эмэгтэйчүүд олон ажил амжуулахдаа сайн гэдэгтэй би санал нийлдэг. Сошиал медиаг хязгаарлахгүйгээр ажлаа хийж, ажлаа орхигдуулахгүйгээр сошиал медиа дахь орон зайгаа хадгалж чадаад байгаа юм шиг санагддаг. Товчхондоо, ажлаа сошиал медиатай хослуулах нь надад давуу тал болдог. 

БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХАД ЯМАР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ: Ширээ цэгцтэй, хийх зүйл тодорхой байвал ямар ч орчин, нөхцөлд байсан ажил маань ямар ч саадгүй хөврөөд л явчихдаг. Хэдийгээр манайх ихэнх ажлаа компьютер дээр төлөвлөдөг ч миний хувьд дэвтэр дээр бичиж байж л ажлаа тодорхой, цэгцтэй болгож чаддаг. Тиймээс бүтээмжтэй ажиллахад тэмдэглэлийн дэвтэр чухал нөлөөтэй. 

Харин хамт олноороо бүтээмжтэй ажиллахад тодорхой цаг хугацаа, дүрэм журам байх ёстой гэж боддог. Мөн ажлын орчинг хувийн орон зайтай нь зөв хослуулж чадвал тохиромжтой юм шиг санагддаг. Жишээ нь, манай байгууллага өдрийн цагаар фэйсбүүк орохгүй, инстаграмаа шалгахгүй шүү гэдэг дүрэмтэй байсан бол бид нараас сонирхолтой, шинэ санаа төрөх эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн дадлагын оюутнаас эхлээд нярав, нягтлан ч өгөөжтэй санаа хэлж болох учраас тэднийг зөвхөн хийх ажлаар нь хязгаарладаггүй, гишүүн бүрийнхээ санааг сонсохыг зорьдог. Дизайнер зөвхөн дизайнерийн ажлаа л хийгээд байвал өсөж, хөгжихгүй шүү дээ. 

Оффист байдаг хамгийн тухтай сандал нь энэ. Үүнийг өглөө хамгийн эрт ирсэн хүн нь авдаг журамтай.   

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: UBP-ийнхэн өдөр тутмын ажилдаа технологид суурилсан харилцааг үр дүнтэй ашиглаж чаддаг. Жишээ нь, зарим компанийн ажилчид цагаа бүртгүүлэхдээ хуруугаа уншуулдаг бол манайхан jibble аппликэйшнийг ашигладаг. Өглөө ажил дээрээ ирэнгүүтээ и-мэйл, Slack, Asana гурвыг хамгийн түрүүнд шалгана. Asana бол өдөр, сар, жилийн төлөвлөгөө, түүний үйл явцыг хянахад ашигладаг, Trello-той төстэй платформ бөгөөд уулзалт хийх цагийг хэмнэж, ажлаа хаанаас ч хийх боломжийг олгодгоороо давуу. Мөн бид шинэ долоо хоногийн эхний өдөр “What’s up даваа” нэртэй уулзалтыг хийж хэвшсэн. Багийн гишүүн тус бүр хувийн амьдрал, ойрын үеийн сонин сайхнаасаа хуваалцдаг. Ажиллах орчны тухайд, үнэтэй, шилэн барилгын 17 давхрын оффист суух нь гол биш, дотроо гэр шиг халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн ажлын орчинг бүрдүүлэх нь чухал гэж боддог. Үүнийгээ ч алхам алхамаар хэрэгжүүлж байна. 

“Бийлог Техноложиес” спарт апын үүсгэн байгуулагч Б.Дагвасүрэн: Энэ бол тулгамдсан асуудал, тиймээс хэн нэгэн үүнийг хийх л хэрэгтэй

Ариун цэврийн өрөөнөөс бэлгэвч худалдаж авч байна гээд төсөөлдөө? Хэн ч тань руу сонжсон, шоглосон харцаар ширтэхгүй, буруу зүйл хийж байгаа юм шиг ичиж, зовох ч шаардлагагүй. Энэ бол “Бийлог Техноложиес”-ийн залуучуудын хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж буй бэлгэвчний ATM-ийн төсөл. Бэлгэвч худалдаж авахад тулгардаг асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэхээр зорьж буй Б.Дагвасүрэнтэй ярилцлаа. 


АЖЛЫН ХЭВ МАЯГ: Манай старт ап техник хангамжид суурилсан үйлчилгээний чиглэлээр ажилладаг. Анх 2017 онд арваннэгдүгээр сард Startup Weekend SexHack тэмцээнд багаараа оролцож байхад Монголд БЗХӨ, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудал их байгааг олж харсан. Тухайн үед манай баг гурав хоногийн дотор бэлгэвчний ATM-ийн туршилтын загварыг хийж, тэмцээнд түрүүлж байсан юм. Тэндээс санаа, сэдэл авч 2018 оны нэгдүгээр сард “Бийлог Техноложиес” компанийг үүсгэн байгуулж, одоогоор таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ойрын үед бид бэлгэвчний ATM-ийн төсөл дээр голлон ажиллаж байгаа. Бэлгэвчний ATM гэхээр хүмүүс биднийг бэлгэвч худалддаг старт ап гэж ойлгох нь бий л дээ (инээв). Үнэн хэрэгтээ, Бийлог бэлгэвч худалдах бус, бэлгэвч худалдаж авахад тулгарч буй хүндрэлийг технологийг тусламжтайгаар шийдвэрлэх ажил хийдэг гэж ойлгох хэрэгтэй.

БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХАД ЯМАР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ: Шөнө сатаарах зүйл багатай, төвлөрөөд суувал “донтчихсон” юм шиг ажлаа хийж чаддаг учраас шөнийн цагаар илүү бүтээмжтэй байдаг. Харин өглөө и-мэйлээ шалгаж, хүмүүстэй холбогдох, уулзалт товлох гэх мэт зүйлсийг амжуулна. Би хийх ажлын төлөвлөгөөгөө онлайн дээр бараг хөтөлдөггүй, ажлынхаа самбар дээр бичээд явчихдаг. Мөн нэгэн зэрэг олон ажил амжуулахаас илүү хамгийн чухал ажлаасаа эхлээд нэг нэгээр нь хийгээд явах дуртай, тэр нь илүү бүтээмжтэй санагддаг. Харин төвлөрөхөд саад болдог гол зүйл бол шилэн хаалга (инээв). Яг ажилдаа анхаарлаа бүрэн хандуулаад сууж байтал хүмүүс шилний цаанаас хараад, шагайгаад яваад байхаар хааяа жаахан хэцүү. 

СТАРТ АП КОМПАНИД АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Онцлог, давуу тал гэхээсээ яагаад үүнийг хийж байгаагаа тайлбарлахыг хүсэж байна. Бид машиныхаа техник болон програм хангамжийг өөрсдөө бүтээдэг учраас ажлын өрөө маань лаборатори шиг л байдаг юм. Бүхнийг өөрсдийн гараар хийдэг болохоор янз бүрийн байдлаар хөгжүүлэлт хийхэд дөхөмтэй. Машинаа томруулж, жижигрүүлэх, заримдаа бүр кофены машинд төлбөр тооцооны системийг холбох зэргээр төрөл бүрийн туршилт хийдэг. Цаашид техник хангамж болон төлбөр тооцоог хослуулсан, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх төрөл бүрийн автомат машиныг бүтээх төлөвлөгөөтэй байна. 

Магадгүй бэлгэвчнээс өөр зүйл худалддаг автомат машин бүтээсэн бол бид орлого олж, машины зардлаа нөхөх боломж гарахыг үгүйсгэхгүй. Харин бэлгэвч бол бусад төрлийн бараа бүтээгдэхүүнтэй адилгүй, ашиг орлого олдог зүйл биш. Гэхдээ л тулгамдсан асуудал учраас үүнийг хэн нэгэн хийх л хэрэгтэй. Тиймээс бид аравдугаар сарын 16-нд бэлгэвчний ATM-ийн төсөлд зориулж crowdfunding буюу олон нийтийн санхүүжилт босгох зорилготой “Бэлгэвч АЙСУЙ” үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдсэн. Одоогоор нэг ширхэг бэлгэвчний ATM 5 сая гаруй төгрөгийн өртгөөр бүтээгдэж байна. Хэрэв олноор нь үйлдвэрлэвэл өртгийг 3 сая хүртэл бууруулах боломжтой.

0Shares

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *